United Nations Welcome to the United Nations. It's your world.

ХОРШООЛЛЫН АСУУДЛААРХ ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Date: 
Thursday, 05 July 2018

Олон улсын хоршооллын өдрийг тохиолдуулан энэ 7 дугаар сарын 5-ны өдөр НҮБ-ын төв байранд Хоршооллыг дэмжих хороо, Аргентин Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар “Олон улсын хоршооллын өдөр: Тогтвортой нийгмийг хоршооллож цогцлоох нь” сэдвээрх өндөр түвшний хэлэлцүүлэг хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт НБДГ-ын Эдийн засаг, нийгмийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын хоршооллын холбоо болон гишүүн орнуудын төлөөлөгчид оролцож, Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор цэвэр ус, эрүүл ахуй, эрчим хүч, тогтвортой хот, хариуцлагатай үйлдвэрлэл ба хэрэглээ, хүрээлэн буй орчны талаарх зорилтуудыг хэрэгжүүлэхэд хоршооллын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, түүний давуу чанарыг үр дүнтэй дайчлан ашиглах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд хэлэлцүүлэгт оролцож, манай улсын хоршооллын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хоршооллын хөгжлийн өнөөгийн байдал, ололт амжилт, сорилт бэрхшээл, цаашдын зорилтын талаар танилцуулав. Тэрээр хэлсэн үгэндээ хоршооллыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн ач холбогдлыг онцолсон.

Манай улс хоршооллыг дэмжих талаарх олон улсын хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж ирсэн бөгөөд “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 1992 оноос эхлэн 2 жил тутам санаачлан батлуулж ирсэн.