United Nations Welcome to the United Nations. It's your world.

ХОРШООЛЛЫН АСУУДЛААРХ ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Date: 
Monday, 12 July 2021

Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр зохион байгуулсан нийгэм, эдийн засгийг хүн төвтэй, байгаль орчинд ээлтэй байдлаар сэргээхэд хоршооллын оруулах хувь нэмрийн тухай “Rebuild better together: Cooperatives' contribution to a people-centered & environmentally just recoveryтусгай арга хэмжээнд Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан оролцов.

Тусгай арга хэмжээг НҮБ-ын Хоршооллыг дэмжих хороо, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас зохион байгуулж, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хоршооллын холбоо, Олон улсын худалдааны төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, цар тахлын нөхцөлд хоршоологчид хэрхэн хариу арга хэмжээ авч, харилцан дэмжих чиглэлээр хамтран ажилласан туршлагын талаар болон хоршооллыг дэмжих шинэ тутам судалгааны дүнг танилцуулав. Европын комисс болон Монгол Улсын төлөөлөгчид үндсэн илтгэгчээр оролцож, Уганда, Филиппин болон Коста Рика зэрэг улс орнууд тус бүрийн жишээг мөн танилцуулав.

Монгол Улс нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоолын санаачлагчийн хувиар тусгай арга хэмжээнд оролцож, Монгол Улсын эдийн засагт хоршооллын гүйцэтгэдэг үүргийн талаар танилцуулж, хоршооллыг дэмжих хууль эрх зүйн орчны ач холбогдлыг онцлов.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр