United Nations Welcome to the United Nations. It's your world.

ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН АСУУДЛААРХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ТУСГАЙ ЧУУЛГАН ХУРАЛДАВ

Date: 
Thursday, 21 April 2016

2016 оны 4 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо Хар тамхи, мансууруулах бодисын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тусгай чуулган хуралдлаа.

Дэлхийн улс орон бүрт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудал тулгамдаж байгаа тул түүнтэй тэмцэх эрчимтэй, үр дүнтэй, хүний талыг түлхүү анхаарсан стратеги, бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг чуулганы оролцогчид хүлээн зөвшөөрч байв. Тусгай чуулганаас "Олон улсын хар тамхи, мансууруулах бодисын асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхийн төлөөх бидний хамтын хүчин чармайлт" нэртэй төгсгөлийн баримт бичгийг батлав. Уг баримт бичигт гишүүн орнууд хар тамхи, мансууруулах бодисын эсрэг конвенциудын хэрэгжилтийг хангах, тус тусын улс нийгмийг хар тамхи, мансууруулах бодисоос ангид байлгахын төлөө үргэлжлүүлэн ажиллах эрмэлзлээ нотлов.

 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тусгай чуулганд манай улсаас ХЗЯ-ны ТНБД Ж.Баярцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Тэрээр 4 дүгээр сарын 21-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр үг хэлж хар тамхи, мансууруулах бодисын эсрэг гурван конвенци болон "Хар тамхи, мансууруулах бодисын эсрэг тэмцэх нэгдмэл, тэнцвэртэй стратеги хэрэгжүүлэхийн төлөөх Улс төрийн тунхаглал ба Олон улсын хамтын ажиллагааны үйл ажиллагааны хөтөлбөр 2009-2019 "-ийг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газраас тууштай үйл ажиллагаа явуулж байгааг илтгэв.   

ТНБД Ж.Баярцэцэг хэлсэн үгэндээ Засгийн газрын 2012 оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөрт хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийг таниулах асуудлыг тусгасан, хүчний байгууллагын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх сургалт, 21 аймагт салбар бүхий Үндэсний хороо байгуулан ажиллаж байгаа туршлага зэргийг цохон тэмдэглэлээ. Тэрээр цааш хар тамхи, мансууруулах бодисын хууль бус худалдаа зэрэг шинэ тутам үүсч буй үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан, хар тамхи, мансууруулах бодисын холбоотой төдийгүй бүх төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оноохгүй болсон тухай дурдав.

ХЗЯ-ны ТНБД Ж.Баярцэцэг мөн Хар тамхи, мансууруулах бодисын нийлүүлэлтийг бууруулах, уг төрлийн гэмт хэргийн ял шийтгэлийн асуудлаарх өндөр түвшний дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож үг хэлсний зэрэгцээ НҮБ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийв.