United Nations Welcome to the United Nations. It's your world.

ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Date: 
Friday, 21 April 2023

Нью-Йорк хотноо 2023 оны 4 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн хооронд “Хөгжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Даян дэлхийн хөгжлийн санаачилгын хэрэгжилтийг урагшлуулах тухай” Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Санамж бичигт Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн дарга Луо Заохуи нар гарын үсэг зурав.

Талууд Санамж бичгийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн тэргүүлэх төслүүдийг хятадын талын зээл, тусламж болон “Даян дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан”-гийн дэмжлэгээр Монгол Улсад хэрэгжүүлэх, ядуурлыг бууруулах, эрүүл мэндийг сахин хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, цахим эдийн засаг, дэд бүтэц зэрэг салбар, чиглэлийг чухалчлан анхаарах, туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр тохиролцов.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгэндээ дэлхийн эдийн засгийг сэргээн, хөгжлийн тэнцвэртэй, зохистой, хүртээмжтэй өсөлтийн шинэ үе рүү чиглүүлэхэд идэвхтэй ажиллаж, хувь нэмэр оруулах хүрээнд “Даян дэлхийн хөгжлийг дэмжих санаачилга”-ыг дэвшүүлж буйгаа танилцуулсан юм.