United Nations Welcome to the United Nations. It's your world.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Date: 
Friday, 22 April 2016

Нью-Иорк хотноо 4 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний санаачлагаар “Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр”-т гарын үсэг зурах хүндэтгэлийн арга хэмжээ болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг оролцож Парисын хэлэлцээрт гарын үсэг зурав.

НҮБ-ын 175 гишүүн орон түүний дотор 100 гаруй орны төр, засгийн тэргүүн нар оролцон дээрх хэлэлцээрт гарын үсэг зурсан нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдэхийн төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтыг илэрхийлсэн түүхэн чухал арга хэмжээ боллоо. Гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр 15 улс уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай батламж жуух бичгээ НБДГ-т гардуулав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ өнөөдөр ийм олон улс орон хэлэлцээрт нэгэн зэрэг гарын үсэг зурж байгаа нь анх удаа тохиож буй түүхэн үйл явдал болохыг онцлоод Парисын хэлэлцээрийг ойрын хугацаанд соёрхон баталж, хэрэгжилтийг нэн даруй эхлүүлэхийг гишүүн орнуудаас уриалав. Тэрбээр энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эх дэлхийгээ хамгаалах зорилт амлалтаас бодит ажилд шилжих боломж бий болно гэж тэмдэглэн хэлэв.  

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы дарга М.Ликкетофт хэлсэн үгэндээ Парисын хэлэлцээрт улс орнууд нэгдэн орж буй өнөөдрийн үйл ажиллагаа нь дэлхийн нийтийн тогтвортой хөгжил, ирээдүйн сайн сайханд итгэл төрүүлэх түүхэн арга хэмжээ гэж онцлов.

Хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд зориулан Франц, Перу, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Боливи, Бразил зэрэг орны Ерөнхийлөгч, Канад, Итали Улсын Ерөнхий сайд, БНХАУ, ОХУ-ын Шадар сайд нар үг хэлж Парисын гэрээг ойрын хугацаанд соёрхон батлахаа илэрхийлэв.