United Nations Welcome to the United Nations. It's your world.

Түүхч Моррис Россабид Гадаад харилцааны сайдын Жуух бичгийг гардууллаа

Date: 
Sunday, 12 December 2021

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд Нью-Йорк хотноо оршин суудаг нэрт түүхч, монгол судлаач Моррис Россабигийн 80 насны ойг тохиолдуулан хүлээж авч уулзав.

Уулзалтын үеэр Байнгын төлөөлөгч В.Энхболд эрдэмтний монгол судлал, Монгол үндэстний түүх, соёлыг олон улс, АНУ-д сурталчлан түгээж буй үнэтэй хувь нэмрийг үнэлэн шагнасан Гадаад харилцааны сайдын Жуух бичиг болон “Алтан гэрэгэ” дурсгалын зүйлийг Моррис Россабид гардууллаа.

Профессор Моррис Россаби нь Азийн түүх түүний дотор Хятад, Төв болон Өвөр Азийн судалгаагаар мэргэшсэн судлаач бөгөөд өдгөө Нью-Йорк хотын Колумбийн Их сургуульд ахлах судлаач, профессороор ажилладаг, Куинс коллежийн Хүндэт профессор бөгөөд “Түүхэн дэх монголчуудын үүрэг”, “Монголчуудын түүх” зэрэг хичээлийг олон жил зааж байгаа юм.

Моррис Россаби олон арван ном, бүтээл туурвисны дотор  монголчууд “The Mongols and Global History” (W.W. Norton, 2010), “Modern Mongolia: From Khans to Commissars to Capitalists” (University of California, 2005), Khubilai Khan: His Life and Times (University of California, 1988) зэрэг бүтээлийг сайн мэддэг.  

Мөн үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ-ын хамт олон Профессор Моррис Россаби болон түүний гэргий Мари Россаби нартай уулзалт хийж, тэдний  амьдрал, бүтээлийн замналтай танилцлаа.