United Nations Welcome to the United Nations. It's your world.

ТҮРГЭН ШИЛЖИН БАЙРЛАХ ХҮЧНИЙГ БҮРДҮҮЛЭХЭД НЭГДЭХИЙГ УРИАЛЖЭЭ

Date: 
Monday, 08 June 2015

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсуг хүлээн авч уулзав.Уулзалтын эхэнд ноён Эрве Ладсу НҮБ-ын мандатын дор ажиллаж байгаа Монголын энхийг сахиулагч дайчид үүргээ амжилттай биелүүлж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өндрөөр үнэлж, сэтгэл хангалуун байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

Тэрээр мөн НҮБ нь энхийг сахиулах ажиллагааны байнгын бэлэн байдалтай Түргэн байрлах хүчнийг бүрдүүлэхээр шийдвэрлэж, ийм төрлийн цэргийн хүчин бүрдүүлэхийг гишүүн орнууддаа хандан уриалж байгааг илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “НҮБ-ын зүгээс энхийг сахиулах ажиллагааны Түргэн байрлах хүчнийг бүрдүүлэхээр шийдвэрлээд байгааг Монгол Улс дэмжиж байгаа” гээд уг хүчнийг ямар шалгуураар хэрхэн бүрдүүлэх, бэлэн байдлын ямар түвшинд байлгах, ямар журмаар ашиглах, ийм салбар, ангитай НҮБ-ын гишүүнд орнуудад тодорхой нөхөн төлбөр олгох журмыг нарийвчлан боловсруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа энэ үеэр хэллээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны удирдлагын түвшинд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс офицер ажиллуулах тухай асуудал биеллээ олж, анх удаа Монгол Улсаас Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд бүсийн командлагчаар бригадын генерал цолтой цэргийн алба хаагч ажиллаж байна. Мөн Монголын цэргийн алба хаагчдын ур чадварыг үнэлж Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны командлагчын орлогч, Баруун Сахарт болон Суданы Абей мужид явуулж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны бүсийн командлагчаар нэр дэвшүүлэх урилга ирүүлсэнд баяртай байна.

Таны удирдсан НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газарт Монголын Зэвсэгт хүчний офицерыг ажиллуулах асуудал биеллээ олж, танай газрын Цэргийн харилцааны хэлтэст анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчнээс эмэгтэй цэргийн алба хаагч ажиллахаар сонгогдож, энхийг сахиулах ажиллагааны бодлого боловсруулах, тодорхойлоход оролцох боломжтой болсонд талархалтай байна. Цаашид ч энэ тоо нэмэгдэх байх” гэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсу хариу хэлсэн үгэндээ Монгол Улсын Энхийг сахиулагчдын ур чадвар, үйл ажиллагааг өндрөөр үнэллээ.

Уулзалтын үеэр жил бүр Монгол Улсад зохион байгуулдаг олон улсын “Хааны эрэлд” хээрийн сургуулийн талаар болон олон улсын сэдвээр ярилцаж санал солилцов.