Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Туркменистаны Шадар сайд бөгөөп Гадаад хэргийн сайд Рашид Мередов-тай 9 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Төв байранд уулзав.
Сайд Ц.Мөнх-Оргил Улаанбаатар хотноо 2009 онд байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүдийн талаарх бодитой судалгаа, шинжилгээний ач холбогдолтойг тэмдэглэв. Тэрбээр цааш нь тус төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг Туркменистан ойрын хугацаанд соёрхон батлана хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Далайд гарцгүй орнууд тус бүрдээ энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх өөр өөрийн гэсэн туршлагатай бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд хүчээ нэгтгэж, хамтран ажиллах нь зүйтэй болохыг Туркменистаны Гадаад хэргийн сайд тэмдэглэв.