United Nations Welcome to the United Nations. It's your world.

Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2020 оны чуулга уулзалтын хүрээнд тусгай арга хэмжээ зохион байгуулав

Date: 
Thursday, 16 July 2020

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээл дор болж буй “Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний 2020 оны чуулга уулзалт”-ын хүрээнд манай улс Румын Улс, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Даян дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэнтэй хамтран 7 дугаар сарын 15-ны өдөр виртуал тусгай арга хэмжээ зохион байгуулав.

“COVID-19 цар тахлын үед тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлогын уялдааг хангах нь” сэдэвт арга хэмжээний оролцогчид тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, дэлхий нийтэд тархсан цар тахлыг даван туулах, түүний сөрөг нөлөө, үр дагаврыг бууруулахад бодлогын уялдаа зохицуулалтыг хэрхэн хангах талаар хэлэлцэв.

Энэ арга хэмжээнд Монгол, Румын, Канад, Итали, Египет, Мальта Улсын төлөөлөгчид үндэсний туршлагаасаа хуваалцан, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, мега хямрал болсон цар тахлыг даван туулах, эргэн сэргэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа танилцуулж, бодлогын уялдааг хангах, тогтвортой хөгжлийн стратеги төлөвлөлт, хариуцлага, ил тод байдлын талаар санал солилцов.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан энэ арга хэмжээнд оролцож, тогтвортой хөгжлийн зорилтуудын үндэсний хэрэгжилт, ялангуяа бодлогын уялдааг хангах хүрээнд эдийн засгийн бодлогод нийгэм, байгаль орчны асуудлыг тусган, салбар хоорондын уялдааг ханган ажиллаж буй туршлагаас танилцуулав. Агаарын бохирдлыг бууруулах асуудалд систем шинжилгээний аргыг ашиглан цогц шинжилгээ хийж, салбар дундын эл асуудлыг манай улс Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн сайн дурын үндэсний илтгэлдээ онцолсныг тэрээр тэмдэглэв. Мөн бодлогын уялдаа зохицуулалтыг хангах, түншлэл, талуудын оролцоог бэхжүүлэхэд дотоод, гадаадын эх үүсвэр, хөрөнгө оруулалт, техникийн туслалцаа чухал байна гэв.

 

 

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ

2020.07.15