United Nations Welcome to the United Nations. It's your world.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, УУР АМЬСГАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ

Date: 
Monday, 07 October 2019

НҮБ-ын ЕА-н 74 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэл энэ 10 дугаар сарын 7-ны өдөр эхэлж, гишүүн улс орнууд тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах, макро эдийн засгийн бодлого, хөгжлийн санхүүжилт, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэдээлэл, харилцаа холбооны технологи, даяаршил ба харилцан хамаарал, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнууд, хөгжлийн төлөөх үйл ажиллагаа зэрэг эдийн засаг, хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийлж байна.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, байнгын төлөөлөгч С.Сүхболд хорооны Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулж буй үндэсний хувь нэмэр, манай улсаас дэвшүүлсэн санал санаачлагыг онцлов.

Элчин сайд, байнгын төлөөлөгч С.Сүхболд Нью-Йорк хотноо энэ оны 9 дүгээр сард зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний уулзалт, Уур амьсгалын үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалт үр дүнтэй болсныг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газар ирэх 12 дугаар сард болох Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэх хуралд чухал ач холбогдол өгч буйг онцлов.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах арга замыг тодорхойлоход мэдээлэл, судалгаа чухал болохыг тэрээр дурдаад, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв судалгаа, зөвлөмж гаргах, бүс нутгийн болон олон улсын хурал, семинар зохион байгуулах замаар олон улсын яриа хэлэлцээнд идэвхитэй оролцож буйг тэмдэглэв.

НҮБ-ын ЕА-н 74 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны ерөнхий санал шүүмжлэл 10 дугаар сарын 8-ны өдөр үргэлжилнэ.