United Nations Welcome to the United Nations. It's your world.

САЙД С.ЭРДЭНЭ НҮБ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖ БАЙДЛЫН КОМИССЫН 60 ДУГААР ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Wednesday, 16 March 2016

Нью-Йорк хотноо 2016 оны 3 дугаар сарын 14-24-ний өдрүүдэд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭБАК)-ын 60 дугаар чуулган "Эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудал ба тогтвортой хөгжлийн уялдаа холбоо" сэдвийн дор болж байна.

2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ЭБАК-ын чуулганы Сайд нарын хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож үг хэлэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахаар сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дотор эмэгтэйчүүдийн эрхийн хамгааллыг сайжруулахад ихээхэн ач холбогдол бүхий зүйл заалттай “Эрүүгийн”, “Сонгуулийн тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг, “Зөрчлийн тухай” хууль, “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг шинээр баталсан зэрэг эрх зүйн чиглэлийн алхмууд, нийгмийн хөгжлийн хүрээнд нийгмийн даатгалд хүн амыг бүрэн хамруулж, халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлсэн, үр өгөөжтэй тогтолцоо руу шилжсэнээр ядуурлаас бүрэн ангижрах, орлогын эрс тэгш бус байдлыг багасгаж, нийгмийн бүтцэд чинээлэг дундаж давхаргыг бэхжүүлэх, эх, нялхсын эндэгдлийг бууруулж, эрүүл мэндийн даатгал, үйлчилгээ болон бүх шатны боловсролын тогтолцоо нь дэлхийн стандартад хүрснээр иргэд нь урт насалж, эрүүл, чийрэг аж төрж, нийгмийн ухамсартай, соёлтой, насан туршийн боловсролтой болох асуудлыг шат дараалан шийдсэн байхаар төлөвлөсөн зэргийг дурдсан нь улс орны төлөөлөгчдийн анхаарлыг татаж байлаа. 

Комиссын хурлын хүрээнд Сайд нарын дугуй ширээний ярилцлагууд болж, 10 гишүүн улс (Бразил, БНХАУ, Коста Рика, Египет, Эстони, Япон, Румын, Швед, Тунис, Турк) охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй тухай үндэсний сайн дурын илтгэл хэлэлцүүлэхээс гадна жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлын төрөл бүрийн сэдвээр 200 гаруй хурлын үеийн арга хэмжээ болох юм.