Хоршооллын олон улсын өдрийг тохиолдуулан 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын Хоршооллын хөгжлийг дэмжих хороо (COPAC)-той хамтран “2025 оны Олон улсын хоршооллын жил”-ийн НҮБ дээрх нээлтийн арга хэмжээг зохион байгуулав.
Монгол Улс нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоолын гол санаачлагчийн хувьд 2012 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэсэн амжилт, туршлага дээрээ үндэслэн 2025 оныг дахин Олон улсын хоршооллын жилээр зарлуулах тухай тогтоолыг санаачлан өнгөрсөн 6 дугаар сарын 19-ний өдрийн Бүгд хуралдаанаар батлуулаад байгаа билээ.
Арга хэмжээг нээж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгийнхээ эхэнд хүн төвтэй, ардчилсан бөгөөд тэгш зарчмаар ажилладаг бизнесийн нэгж болох хоршоолол нь аливаа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их үүрэг гүйцэтгэж байгааг дурдаад өдгөө төрөл бүрийн хэлбэрийн 3 сая орчим хоршоололд дэлхийн нийт ажил эрхлэгчдийн 12 хувь нь хамрагдаж байгаа ба өнгөрсөн оны мэдээллээр дэлхийн 300 орчим томоохон хоршоолол 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажилласныг цохон тэмдэглэв.
Улмаар “Хоршоолол дэлхийн сайн сайхны төлөө” сэдвийн доор тэмдэглэх 2025 оны Олон улсын хоршооллын жилийн хүрээнд дэлхий нийтийн хоршооллын хөдөлгөөний хөгжлийг дэмжих, хоршооллын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилго дэвшүүлж байгааг дурдаж, гишүүн улсууд, холбогдох талуудыг хамтран ажиллахыг уриалав.
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр цааш хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас жижиг бизнес, хоршооллыг дэмжих олон бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлж буйн дотор 2024 онд “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөтөлбөрийг зарлаж, амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа талаар танилцуулав.
Нээлтийн арга хэмжээнд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Паула Нарваез Ожеда, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирал Жильберт Хунгбо (цахимаар), НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан газрын албаны захирал Жон Вилмoт, Олон улсын хоршооллын холбооны ерөнхийлөгч Ариэл Гуарко нар үг хэлснээс гадна Кени, БНЭУ тэргүүтэй гишүүн улсууд, Олон улсын хоршооллын холбооны Ази, Номхон далай, Америк тив, Африк, Европын бүс нутгийн төвүүдийн төлөөлөл оролцов.
“Хоршоолол дэлхийн сайн сайхны төлөө” сэдэвт 2025 оны Олон улсын хоршооллын жилийн НҮБ дээрх нээлтийн арга хэмжээнд оролцогчид Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хоршооллын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломж болон 2025 оны турш олон улс, бүс нутаг, үндэсний түвшинд зохион байгуулах арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө, зарим тодорхой үйл ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.
Эл арга хэмжээгээр хэлэлцсэн санал, санаачилгуудыг 2025 оны Олон улсын хоршооллын жилийн албан ёсны нээлтийг зарлах 2024 оны 11 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд БНЭУ-ын Дели хотноо болох Олон улсын хоршооллын холбооны глобал бага хурал хүртэл хэлэлцэж нэгтгэх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу. https://crm.ica.coop/civicrm/mailing/view?id=3677
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2024 оны 7 дугаар сарын 10