United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалт болж байна

Date: 
Tuesday, 22 September 2020

Энэ 9 дүгээр сарын 21-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалт “Бидний хүсч буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Олон талт хамтын ажиллагааг даган мөрдөх хамтын үүрэг амлалтаа дахин нотлох нь” сэдвээр боллоо.

НҮБ-ын Ерөнхий Ассаблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир уулзалтыг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ыг 75 жилийн өмнө байгуулахдаа энх тайван, аюулгүй байдал, хөгжил, хүний эрхийн асуудлуудлыг чухалчлан үзсэн, эдгээр 3 чиглэл нь харилцан уялдаатай зэргийг  дурдаж, яриа хэлэлцээ, зэвсгийн хяналт нь “Хүйтэн дайн”-ыг цөмийн мөргөлдөөнд хүрэхээс сэргийлснийг тэмдэглэн, шинэчилсэн НҮБ дэлхий дахины өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулж чадна гэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес НҮБ дэлхийн III дайн гарахаас сэргийлснийг онцолж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээр байгуулсныг дурдан, жендэрийн тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, геополитикийн зөрчил мөргөлдөөн, технологийн хөгжлөөс үүдэлтэй шинэ аюул зэрэг сорилтуудтай шийдвэртэй тэмцэхийг уриалав. Тэрээр КОВИД-19 цар тахал нь дэлхийн эмзэг байдал, олон талт хамтын ажиллагааны ач холбогдлыг харуулж байгааг онцолсон.

НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний өнөөдрийн хуралдаанд 122 орны төр, засгийн тэргүүн нар үг хэлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зөрчилдөөн  мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үл итгэлцэл, шинэ технологиос үүдэлтэй сорилтууд, тэдгээрийг даван туулах талаар байр сууриа илэрхийлээд байна.

Энэхүү уулзалтаар НҮБ-ын 75 жилийн ойн тунхаглалыг санал нэгтэй батлав.

НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалт үргэлжилж байна.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр