United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНЫ “ХААНЫ ЭРЭЛД-2022” ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

Date: 
Monday, 06 June 2022

Өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны “Хааны эрэлд-2022” олон улсын хамтарсан сургуулийн нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

 

Энэхүү нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, АНУ-ын Аляскийн Үндэсний гвардын Нэгдсэн штабын дарга бригадын генерал Вэйн Дон, БХЯ, ЗХЖШ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, Гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, цэргийн атташе нар, Монгол талын сургуулийн удирдагч хурандаа Ш.Амарбаясгалан, Гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, цэргийн атташе нар, Монгол талын сургуулийн удирдагч хурандаа Ш.Амарбаясгалан, Америкийн талын сургуулийн удирдагч дэд хурандаа Майкл Тоней нарын хүндэт зочид оролцлоо.

Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалтай хамтран “Хааны эрэлд” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулийг 2003 оноос эхлэн хоёр талын сургалт, дадлага хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын хамтарсан сургууль болгон өргөжүүлснээр өдгөө 18 дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ билээ.

Нээлтийн ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийг Төрийн хүндэт харуул хүндэтгэн угтсан бөгөөд энэ удаагийн “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийг нээж Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг үг хэллээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах олон улсын хамтарсан сургуульд оролцож буй нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, үг хэлсэн юм. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Эдүгээ Монгол Улс даян дэлхийн шударга улс түмэнтэй мөр зэрэгцэн ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний нийгмийг цогцлоох замаар итгэл төгс урагшилж байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлаж, энх тайван, амар амгалан амьдралд тэмүүлж байгаа улс орон, ард түмэнд туслаж дэмжихийг эрмэлзэн олон улсын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн алба хаагчдаа илгээн идэвхтэй оролцсоор байна.

Монгол Улс саяхан Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Бид дэлхий дахины энх тайван, хүн төрөлхтний амар амгалан амьдралын төлөө зүтгэсэн 20 жилийн туршлага, сургамжаа дүгнэн цэгнэж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлж буй цаг үед “Хааны эрэлд-2022” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль болж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

НҮБ-ын энхийг сахиулагчдын эгнээг өргөтгөх, оролцогч орнуудын энхийг сахиулах ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, бүс нутагтаа энхийг сахиулах ажиллагааны томоохонд тооцогдох энэ удаагийн олон улсын сургууль нь 06 дугаар сарын 06-ны өдрөөс 20-ны өдрүүдэд явагдана.

Тус сургуульд 15 улсын 1000 орчим цэргийн алба хаагч оролцож, команд штабын сургууль, салааны түвшний хээрийн сургалт, дадлагад хамрагдах бөгөөд салааны түвшний сургууль нь эргүүл, цувааны хамгаалалт, хүмүүнлэгийн тусламж, энгийн иргэдийн хамгаалалт зэрэг хичээлийн 10 цэгт явагдаж, сургуульд оролцогсдын энхийг дэмжих ажиллагааны дадлага, чадварыг нэмэгдүүлэх болно.

Түүнчлэн энэхүү сургуулийн явцад анх удаагаа “Эмэгтэйчүүд энх тайван, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулж буй нь энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан онцлов.

 

НЬЮ-ЙОРК ДАХЬ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР