United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖ БАЙДЛЫН КОМИССЫН 68 ДУГААР ЧУУЛГАНД ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

Date: 
Monday, 11 March 2024

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулган “Ядууралд анхаарлаа хандуулах, институцуудыг бэхжүүлэх, жендэрийн хэтийн төлөвтэй санхүүжүүлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах ажлыг хурдасгах” тэргүүлэх сэдвийн хүрээнд Нью-Йорк хотноо өрнөж байна.

Эл чуулганд Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Сайд Х.Булгантуяа 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газраас жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлт хийх замаар жендэрийн тэгш байдлыг сайжруулах, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, жендэрт суурилсан цалингийн ялгааг арилгах арга хэмжээг ядуурлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээтэй уялдуулах бодлого баримталж байгаа талаар танилцуулав.

Монгол Улсыг оролцуулаад НҮБ-ын гишүүн 96 улсыг эгнээндээ багтаасан Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг устгахын төлөөх Анд нөхдийн бүлгээс зохион байгуулсан тусгай арга хэмжээнд сайд Х.Булгантуяа оролцож, бүлгийн гишүүдийг төлөөлөн Морокко, Турк, Нидерланд, Люксембург, Лихтенштейн, Польш, Австрали зэрэг улсын сайд нарын хамт үг хэлж, манай улсад эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хөрөнгө оруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, сорилт бэрхшээлийг танилцуулж, туршлага солилцов.

Түүнчлэн, сайд Х.Булгантуяа Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганд оролцох үеэрээ НҮБ-ын хүрээн дэх манай улсын чухал санаачилгуудын нэг болох Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах асуудлаар зохион байгуулах тусгай арга хэмжээнд үндсэн илтгэгчээр оролцож, “Жендэрийн тэгш байдал, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулахын төлөө санхүүжилтийг дайчлах: Эмэгтэйчүүд, охидын дундах ядуурлыг арилгах бодлого, стратеги” сэдэвт Сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэгт үг хэлэхийн зэрэгцээ АНУ-ын Төрийн Департаментын Глобал эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Гита Рао Гупта болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн сангийн удирдах албан тушаалтнуудтай уулзана.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр