Нью-Йорк хотноо 2024 оны 6 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын хуралдаан болж байна. Тус бага хурлын 11-ний өдрийн хуралдааны үеэр болсон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (CRPD)-ны 2025-2028 оны гишүүний сонгуульд Монгол Улсын нэр дэвшигч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумын ерөнхий зохицуулагч Д.Гэрэл 145 гишүүн улсын дэмжлэг авч амжилттай сонгогдлоо.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүний сонгуульд Малави, Марокко, Нигери, Япон, Монгол, Гүрж, Умард Македони, Европын Холбоо, Израил, Бразил, Доминикан, Ямайка, Уругвай зэрэг нийт 14 улс өрсөлдөж тус хорооны 2025-2028 оны 9 гишүүнээр Япон (157), Доминиканы БНУ (149), Монгол (145), Уругвай (143), Бразил (140), Нигери (138), Марокко (137), Ямайка (135), Европын Холбоо (115) зэрэг гишүүн улсын төлөөлөгчид ажиллахаар сонгогдов.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй тус хороо нь 18 гишүүнтэй, 4 жилийн хугацаатайгаар сонгогдон ажилладаг. Хорооны гишүүнээр ажиллах нэр дэвшигч нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зэрэг зарчмуудыг баримталдаг болно.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР