United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН 2017-2021 ОНД МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАГДАВ

Date: 
Thursday, 15 September 2016

Нью-Йорк хотноо 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар тус сангаас 2017-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөр (Country Programme Document 2017-2021) батлагдлаа.

Гүйцэтгэх зөвлөлийн хуралд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож үг хэлэв. Элчин сайд үгийнхээ эхэнд НҮБ-ын Хүүхдийн сан 50 гаруй жилийн турш Монголын хүүхдийн сайн сайхны төлөө Засгийн газартай амжилттай хамтран ажиллаж байгааг онцлоод, энэ жил хэрэгжиж дуусах Орны хөтөлбөр нь хүүхдэд ээлтэй орчныг сайжруулах, хүүхдийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсныг тэмдэглэв.

Элчин сайд С.Сүхболд мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас 2017-2021 онд Монгол Улсад хэрэгжүүлэх Орны хөтөлбөрийг боловсруулахад холбогдох талуудыг өргөнөөр татан оролцуулсныг дурдаж, шинэ хөтөлбөрийн үндсэн чиглэл нь хүүхдийн хөгжил, хүүхдийн суралцах орчин ба нийгмийн бодлого,  хамгааллын тэгш шудрага байдлыг сайжруулах зэрэг асуудал байгаа нь цаг үеэ олсон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн 2030 баримт бичгийн нийгэм, хүүхдийн хөгжлийн зорилго, зорилтод нийцэж байгаад сэтгэл хангалуун байна гэлээ.    

Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Ази-Номхон далайн бүс нутгаас манай улсаас гадна БНАСАУ, БНАЛАУ, Тайланд, Вьетнам улсад хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг батлав.