United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ХҮН АМ, ХӨГЖЛИЙН КОМИССЫН 49 ДҮГЭЭР ЧУУЛГАН ХУРАЛДАЖ БАЙНА

Date: 
Wednesday, 13 April 2016

Нью-Йорк хотноо 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ажлаа эхэлсэн НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комиссын 49 дүгээр чуулган "Хөгжлийн бодлого дахь хүн ам зүйн нотолгоог бэхжүүлэх нь" сэдвийн дор эхлэв. 2015 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хянахад хүн ам зүйн мэдээллийн чанар, хамралтыг сайжруулах асуудал нэн чухал байна. Ялангуяа хүн амын тооллого, иргэний бүртгэл, мэдээлэл, судалгааны тоон мэдээг хүртээмжтэй болгож, задаргааг нь нарийвчилснаар хүн амын бүлгүүдийн ялгааг илрүүлж, тэгш бус байдлыг арилгах арга замын талаар гишүүн улсууд хэлэлцэж, өөрсдийн байр суурийг илэрхийлж байна.

Чуулганы 4 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр Эрүүл мэнд, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр үг хэлэв. Тэрбээр Монгол Улсад хүн амын хөгжлийн асуудлаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд Олон улсын хүн ам хөгжлийн бага хурал ба Мянганы хөгжлийн зорилтууд асар их үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэж, тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг үндэсний түвшинд тодорхойлоход үндэс суурь болж өгч буйг тэмдэглэв.

Илтгэгч цааш нь манай улс өөрийн Мянганы хөгжлийн зорилтуудын илтгэлийг боловсруулж байсан туршлага дээрээ үндэслэн тогтвортой хөгжлийн үндэсний болон сэдэвчилсэн шалгуур үзүүлэлтийг тогтоох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна гээд хөгжлийн бодлого дахь хүн ам зүйн нотолгоог бэхжүүлэх улмаар 2015 оноос хойших хөгжлийн зорилтын хэрэгжилтэд үндэсний статистик, тоо бүртгэлийн чадавхийг бэхжүүлэх явдал чухал байгааг онцоллоо.

4 дүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх 49 дүгээр чуулганаар Хүн ам, хөгжлийн комиссын ажлын арга барил, хуралдааны ирэх жилүүдийн сэдвийг мөн хэлэлцэж байна.