United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ТӨВ БАЙРАНД ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ, “ТРИО” КИНОГ ҮЗҮҮЛЭВ

Date: 
Friday, 01 December 2023

Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тохиолдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Монголын Дауны холбооноос хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, Трио уран сайхны киног үзүүлэв. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, үл ялгаварлах, нийгмийн амьдралд  тэдний оролцоог хангах ерөнхий сэдвийн доор болсон эл хэлэлцүүлгийн хүрээнд “Монгол” хэмээх нэршлийг Дауны хам шинжтэй хүмүүстэй холбон зүй бусаар хэрэглэх практикийг халах асуудлыг мөн хөндөн ярилцлаа.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ дэлхий даяар Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг тэмдэглэх гэж буй энэ цаг үед Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрөөр энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулж байгаадаа баяртай байна гээд Монголын дауны холбоо болон бусад хамтран зохион байгуулагчдад талархал илэрхийлэв. Тэрээр цааш хэлсэн үгэндээ НҮБ-ын гишүүн улсууд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн гадна хэнийг ч үл орхих, тэгш шудрага нийгмийг цогцлоохын төлөө хамтран зүтгэж байна гээд  хөгжлийн бэрхшээлтэй буюу Дауны хам шинжтэй хүмүүс ч бусад бүх хүмүүстэй адил тэгшээр нийгмийн амьдралд оролцох, хувь нэмрээ оруулах боломжтойг цохон тэмдэглэв.

Монголын Дауны холбооны үүсгэн байгуулагч, зөвлөх В.Ганзоригийн удирдан явуулсан хэлэлцүүлгийн панелд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Нью-Йорк дахь салбарын захирал Вернер Обермайер, НҮБ-ын Хүний эрхийн дээд төлөөлөгчийн газрын хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлын зөвлөх Факундо Чавез Пеннилас, НҮБ-ын Хөгжлийн зохицуулалтын албаны хүний эрхийн зөвлөх Брайнна Харрисон, Ази-Номхон далайн Дауны холбооны зөвлөх Паул Занон, “Mongol Identity” холбооны тэргүүн Ц.Ууганбаяр, Монгол-Канадын холбооны тэргүүн Б.Золзаяа нар илтгэл, мэдээлэл хийж оролцов. 

Мөн НҮБ-ын Төв байранд хурлын чуулганд оролцож буй гишүүн улс орнуудын төлөөлөл, судлаачид, хүний эрх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллага, хувь хүмүүс оролцож, хэлэлцүүлгийн үеэр асуулт асууж,  санал бодлоо илэрхийлэв.

Түүнчлэн арга хэмжээнд оролцогчид Монголын уран бүтээлчдийн бүтээсэн олон улсад нэрд гараад буй “Трио” киног өндрөөр үнэлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал болон боломжийг монгол соёл, байгаль дэлхийтэй хүйн холбоотой гүн ухаан, уламжлалт шашин шүтлэгээр дамжуулан сонирхолтой нээн харуулсныг таашаан үзлээ хэмээж байлаа.

Дашрамд дурдахад НҮБ-аас 1992 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн  тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн юм.   

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2023.12.01