United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулган хуралдаж байна

Date: 
Thursday, 02 March 2023

Нью-Йорк хотноо 2023 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Статистикийн комиссын 54 дүгээр чуулганд Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга Б.Батдаваа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Мөн чуулганын үеэр 3 дугаар сарын 1-ний өдөр ҮСХ болон Гүрж Улсын Статистикийн газар хооронд харилцан ойлголцлын санамж бичиг (Memorandum of Understanding) байгууллаа.

Санамж бичигт ҮСХ-ны дарга Б.Батдаваа, Гүрж Улсын Статистикийн газрын дарга Гогита Тодрадзэ нар гарын үсэг зурав.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар хоёр улсын статистикийн байгууллагууд албан ёсны статистикийн шинэчлэлт, өгөгдлийн удирдлага, дүн шинжилгээ болон статистикийн бусад үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх сургалт, судалгааны ажил, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа аж.