НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Хатагтай Амина Мохаммедтай Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд 6 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ын төв байрнаа үдэлтийн уулзалт хийв.
Уулзалтын үеэр В.Энхболд Нью Йоркт элчин сайд, байнгын төлөөлөгчөөр ажилласан 4.5 жилийн хугацаанд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа нийгмийн өргөжин тэлж ирснийг цохон тэмдэглэж, хийж гүйцэтгэсэн ажлууд, онцлог үйл явдлуудын талаар мэдээлэл өгөв. Мөн Хатагтай Амина Мохаммедийг Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сард болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт (ДЭМЧУ)”-ад урьж оролцуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгыг дахин нотоллоо.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН
ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2024 оны 6 дугаар сарын 14