Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Өндөр түвшний 7 хоногийн үеэр болсон уулзалт, арга хэмжээнүүдэд Гадаад харилцааны яамны төлөөлөгчид оролцож, манай улсын байр суурийг илэрхийлэв.
Тухайлбал, 9 дүгээр сарын 23-ны өдөр болсон Хөгжих эрхийн тухай тунхаглал батлагдсаны 40 жилийн ойн хуралд хөгжлийг хүний төвтэй байлгах, хүн бүр хөгжлийн үйл явцад оролцож, үр шимийг нь хүртэх нөхцөлийг бүрдүүлэхийн чухлыг онцолж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого нь хүний хөгжил, хүний эрх, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, иргэн төвтэй засаглалыг хөгжлийн бодлогын цөмд тавьж байгааг танилцуулав.
9 дүгээр сарын 25-ны өдөр болсон Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Сайд нарын 50 дахь удаагийн уулзалтад оролцож нийт хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашиг, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн 9 дүгээр сарын 25-ны өдөр болсон Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах асуудлаарх өндөр түвшний уулзалтад оролцож, Монгол Улс цар тахлын сургамжид тулгуурлан нийгмийн эрүүл мэндийн эрх зүй, институцийн тогтолцоогоо бэхжүүлж, өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахаар ажиллаж байгааг танилцуулав. Үүнд вакцин, оношлуур, эмчилгээний тэгш хүртээмж, эрт сэрэмжлүүлэг, тандалт болон эрүүл мэндийн тогтолцооны тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа, эв санааны нэгдэл чухал болохыг тэмдэглэв.
Түүнчлэн 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан Дурбаны тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад оролцож, арьс үндсээр ялгаварлан гадуурхах, ксенофоби, үл тэвчих үзэлтэй тэмцэхэд эрх тэгш байдал, үл ялгаварлан гадуурхах зарчим, боловсрол, олон нийтийн мэдлэг ойлголт, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэж, цахим технологи, хиймэл оюун ухааныг хүний эрхийг хүндэтгэж, ялгаварлан гадуурхалт, өрөөсгөл хандлагаас сэргийлсэн байдлаар хөгжүүлж, ашиглах шаардлагатайг онцлов.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2026 оны 9 дүгээр сарын 29


