НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэл Нью-Йорк хотноо энэ 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх, хурандаа Д.Гантулга Ерөнхий санал шүүмжлэлийн 11 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанд оролцож, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны асуудлаарх манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.
Тэрбээр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, энгийн иргэдийг хамгаалах, улс төрийн үйл явцыг дэмжих, тогтвортой энх тайвны нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, зөрчил мөргөлдөөний шинж чанар улам бүр төвөгтэй болж, аюулгүй байдлын сорилт, улс төрийн болон санхүүгийн хүндрэл улам нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд энхийг сахиулах ажиллагааны үр нөлөө, уян хатан байдал, хариуцлага, бэлэн байдлыг бэхжүүлэх нэн шаардлагатайг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улс 2002 оноос хойш олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор НҮБ-ын болон олон улсын энхийг сахиулах ажиллагаанд 23 мянга гаруй цэргийн алба хаагчаа оролцуулахын зэрэгцээ “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулиар дамжуулан энхийг сахиулагчдын хамтын ажиллагааг бэхжүүлж, мөн манай улс энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоог 2027 он гэхэд 15 хувьд хүргэх зорилтоо хугацаанаас нь өмнө биелүүлснийг тус тус тэмдэглэн хэлэв.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр


