НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Зургаадугаар хорооны 2026 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “Үндэсний болон олон улсын түвшинд хууль дээдлэх ёс” хэлэлцэх үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Гуравдугаар нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, улс дамнасан сорилтууд улам бүр ээдрээтэй болж буй энэ үед олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг тууштай сахин мөрдөхийн чухлыг онцлов. Түүнчлэн улс орнуудын газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, хөгжлийн түвшнээс үл хамааран олон улсын эрх зүйг бүх улсад тэгш, тууштай хэрэгжүүлэх, улс орнуудын бүрэн эрхт тэгш байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, маргааныг энхийн замаар шийдвэрлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үндэс суурь болохыг тэмдэглэв.
Үндэсний түвшинд Монгол Улс шүүхийн хараат бус, ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх, шударга шүүхээр эрхээ хамгаалуулах боломжийг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй эрх зүй, шүүхийн шинэтгэлийн талаар танилцуулав. Мөн олон улсын эрх зүйг дэвшилтэт байдлаар хөгжүүлэх, төрөлжүүлэн системчлэхэд НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын гүйцэтгэх чухал үүргийг онцолж, олон улсын эрх зүйн үйл явцад хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Түүнчлэн кибер гэмт хэрэг, хиймэл оюун ухаан болон шинэ технологийн хөгжил, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, байгаль орчны асуудлаас үүдэлтэй эрх зүйн сорилтуудыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг онцлов. Энэ хүрээнд Монгол Улс үндэсний болон олон улсын түвшинд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх чиглэлээр НҮБ болон гишүүн орнуудтай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.


