United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Хоёрдугаар хороо олон улсын эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна.

Date: 
Thursday, 08 October 2020

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Хоёрдугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэл энэ 10 дугаар сарын 5-нд эхэлж, олон улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, КОВИД-19 цар тахлыг даван туулах, эргэн сэргэх асуудал, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх арга зам, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудад тулгарч буй сорилт бэрхшээл зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Тус хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн 10 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд үг хэлэв.

Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах хүрээнд баримталж буй бодлого, үйл ажиллагаа, дэлхий нийтэд тархсан цар тахлыг даван туулах, эргэн сэргэхэд чиглэсэн хариу арга хэмжээний талаар тэрээр танилцуулж, цар тахлын үед болон түүний дараа хөгжиж буй улс орнуудын, ялангуяа тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын хөгжилд өрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалт нэн чухал болохыг тэмдэглэв.

Монгол Улс хөрш болон бусад улс оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцоогоо нэмэгдүүлэхийг зорьж буйг тэрээр онцлон тэмдэглээд, манай улсын санаачлагаар байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь эдгээр улс орны тогтвортой хөгжлийн төлөөх чармайлтад хувь нэмэр оруулж буйг онцлон, эл судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллахыг гишүүн улс орнууд, хөгжлийн түншүүд, оролцогч талуудад уриалав.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар

2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр