НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 10 дугаар сарын 7-ны өдрийн Бүгд хуралдааны Ерөнхий санал шүүмлэлд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд оролцож, үг хэлэв.
Тэрбээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсны хараа 2050”, мөн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цар тахлын үед Монгол Улсын төр, засгаас авч хэрэгжүүлж буй шат дараалалтай цогц бодлого, арга хэмжээний талаар болон Засгийн газраас нийгмийн хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж бодлого үйл ажиллагааг танилцуулав.
Мөн КОВИД-19 цар тахал дэлхийн боловсролын салбарт сөргөөр нөлөөлж 190 гаруй улс оронд сургууль түр хаагдаж, 1.57 тэрбум оюутан, сурагчийн сурлагад нөлөөлснийг тэмдэглээд хүний хөгжлийн чухал үзүүлэлт болох бичиг үсгийн боловсролын асуудлыг олон улс болон үндэсний түвшинд дэмжиж ажиллах нь чухлыг онцолж, манай төлөөлөгчид уламжлал ёсоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганаар “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байгааг онцоллоо.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2020 оны 10 дугаар сарын 7