United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганаар “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг батлав

Date: 
Tuesday, 17 November 2020

Энэ 11 дүгээр сарын 16-ны өдөр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанаар Монгол Улсаас санаачлан хоёр жил тутам батлуулдаг “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр баталлаа.

Манай төлөөлөгч хэлсэн үгэндээ бичиг үсэг бол насан туршийн боловсролын үндэс суурь, тогвортой хөгжлийн гол хөтөч бөгөөд хүний хөгжлийн чухал үзүүлэлт болох бичиг үсгийн боловсролын асуудлыг олон улс болон үндэсний түвшинд дэмжиж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг онцлов.

КОВИД-19 цар тахал боловсролын салбарт нөлөөлж, дэлхийн 190 улсад боловсролын бүх шатны байгууллагууд түр хаагдсан нь дэлхийн 1.57 тэрбум оюутан сурагчдын боловсролд нөлөөлсөн байна. Өнөөдөр дэлхий дахинд 773 сая насанд хүрэгч, тэдний 2/3 нь эмэгтэйчүүд бичиг үсэгт тайлагдаагүй, 617 сая бага болон өсвөр насныхан бичиг үсгийн боловсрол эзэмших нөхцлөөр хангагдаагүй, 258 сая бага болон өсвөр насныхан сургуульд хамрагдаагүй гэсэн тоо баримтыг Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы хэлэлцүүлэгт зориулж гаргасан ЮНЕСКО-гын судалгааны илтгэлд дурджээ.

Монгол Улсын санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн орнууд өргөнөөр дэмжиж, 114 улс хамтран зохиогчоор нэгдэн орсон нь өмнөх чуулганыхаас 11 улсаар нэмэгдэв.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр