United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 71 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ НЭГДҮГЭЭР ХОРООНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Tuesday, 11 October 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэлд оролцон үг хэлэв. 

Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогынхоо хүрээнд олон улсын энх тайван, аюулгүй байдлын асуудалд онцгой ач холбогдол өгдөгийг тэмдэглээд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад цаашид ч нэгдмэл байхыг нотлов.

Мөн Монгол Улс Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ (ЦТБХГ)-г соёрхон баталсан анхдагч улсуудын нэг болохыг онцлон, тус гэрээг хүчин төгөлдөр болгоход олон улсын хамтын нийгэмлэгийн, нэн ялангуяа тус гэрээг соёрхон батлаагүй байгаа улс орнуудын хүч чармайлт ихээхэн чухал болохыг тэрбээр тэмдэглэв.

Элчин сайд С.Сүхболд хэлсэн үгэндээ тус хорооны энэ жилийн хурлаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” 2 жил тутамд батлуулдаг тогтоолын төслөө танилцуулахаа онцлов.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Нэгдүгээр хорооны хурлаар олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.