United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 71 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ БҮГД ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Monday, 07 November 2016

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Ерөнхий Ассамблейн Хүний эрхийн зөвлөлийн илтгэлийг хэлэлцэх 41 дүгээр бүгд хуралдаанд үг хэлэв.

Элчин сайд С.Сүхболд үгийнхээ эхэнд энэ жил Хүний эрхийн зөвлөлөөс дэлхий нийтийн хүний эрхийн зөрчил, сорилтуудыг тусгасан олон тооны тогтоол, шийдвэр баталсны зэрэгцээ өнгөрсөн 10 жилд хүрсэн ололт амжилт, хувь нэмрээ үнэлж дүгнэн, цаашдын  үйл ажиллагааны үр дүнгээ дээшлүүлэх боломжийг хэлэлцсэн онцлог үйл явдал тохиосныг дурдав. 

Тэрээр цааш нь 2016 онд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэлсэн Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах,  эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, өндөр настай ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүн хулгайлах ба арьс өнгө, жендэрт суурилсан ялгаварлах үзэлтэй тэмцэх, цаазаар авах ялыг халах, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг дэмжих зэрэг асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байгааг мэдэгдэв. 

Элчин сайд С.Сүхболд үгийнхээ төгсгөлд хүний эрхийн асуудлаар Монгол Улсын Засгийн газрын үндсэн байр суурийг дахин нотлохын зэрэгцээ Хүний эрхийн зөвлөл нь ажлын арга барил, үр дүнгээ сайжруулж, хүний эрхийн хамгааллын асуудлыг нээлттэй хэлэлцэх индэр хэвээр байх болно гэдэгт итгэж байна гэв.