НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр 9 дүгээр сарын 26-нд болсон “Сүрьеэг устгахын төлөө нэгдэх нь: Дэлхийд тархсан халдварт өвчний эсрэг дэлхий нийтээр яаралтай авах хариу арга хэмжээ” өндөр түвшний анхдугаар уулзалтад Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Өндөр түвшний уулзалтад гишүүн улс орнууд төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын түвшинд оролцож, уулзалтын эхэнд сүрьег устгахын төлөө дэлхийн нийтээр нэгдэх, яаралтай арга хэмжээ авах тухай улс төрийн тунхаглалыг санал нэгтэйгээр батлав.
Сайд Д.Сарангэрэл Монгол Улсын Засгийн газраас сүрьетэй тэмцэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, тулгарч буй сорилтын талаар мэдээлж, 2030 он гэхэд дэлхий нийтийг түгшээж буй сүрьеэ өвчнийг устгаж, хамтын хүчин чармайлт үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.