United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ын ЕА-н 75 дугаар чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

Date: 
Tuesday, 03 November 2020

Энэ 11 дүгээр сарын 3-ны өдөр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны хуралдаанаар манай улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр баталлаа.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч П.Баасанхүү уг тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ 1992 онд Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа тунхаглан зарлаж, 2012 онд цөмийн зэвсэгтэй 5 улс Монгол Улсын  цөмийн зэвсэггүй статусын талаар тунхаглал гаргасныг дурдаж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх дэлхий нийтийн хүч чармайлтад манай улсын цөмийн зэвсэггүй статусын оруулж буй хувь нэмрийг тэмдэглэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг 1998 оноос хойш 2 тутам хэлэлцэн, санал хураалтгүйгээр баталсан байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганаар баталсан Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолд нийт 29 улс хамтран зохиогчоор орсон нь өмнөх чуулганыхаас 11 улсаар нэмэгдэв.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр