НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх ЕА-н бүгд хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, үг хэлэв.
Тэрбээр НҮБ-ын шинэчлэлийн асуудлыг тэргүүлэх зорилтоороо тодорхойлон, хүчин чармайлт гарган ажиллаж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы дарга П.Томсонд талархал илэрхийлж, тус чуулганы үеэр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг хамтран даргалах Тунис, Румыны Байнгын төлөөлөгч нар энэхүү яриа хэлэлцээг үр дүнтэйгээр үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Монгол Улсын уламжлалт байр сууриа нотолж, Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүний тоог тэгш, шударга үндсэн дээр өргөтгөх, чингэхдээ, байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлж, хөгжиж буй болон хөгжингүй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, ажлын арга барилыг нь сайжруулах ёстойг тэмдэглэв. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг суурь баримт бичигт үндэслэн урагшлуулах нь чухал гэдгийг онцлов."
НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
11 дүгээр сарын 07-ны өдөр