United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ЫН ДЭЛХИЙН МЭДЭЭЛЛИЙН НИЙГЭМЛЭГИЙН ДҮНГ ХЭЛЭЛЦЭХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

Date: 
Thursday, 18 December 2025

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Дэлхийн мэдээллийн нийгмийн дээд хэмжээний уулзалтын хэрэгжилтийн 20 жилийн ойг дүгнэн хэлэлцэх өндөр түвшний уулзалт 2025 оны 12 дугаар сарын 16–17-ны өдрүүдэд НҮБ-ын төв байранд зохион байгуулагдав.

Уг өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож, үг хэлэв. Тэрбээр Монгол Улс цахим технологийг төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэхэд үр дүнтэй ашиглаж байгааг онцолж, “e-Mongolia” цахим платформ зэрэг санаачилгууд нь иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, тэгш хүргэхэд бодит хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн, олон улсын хамтын ажиллагаа, олон талт оролцогчдын түншлэл, ялангуяа хөгжиж буй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын чадавхыг бэхжүүлэх нь цахим шилжилтийн үр өгөөжийг тэгш хүртэхэд чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн Дэлхийн мэдээллийн нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичиг нь “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээнд бодитой хувь нэмэр оруулах ёстойг Монгол Улс дэмжиж байгааг илэрхийлэв.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр