United Nations Welcome to the United Nations. It's your world.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв

Date: 
Tuesday, 17 November 2020

Энэ 11 дүгээр сарын 16-нд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы бүгд хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд оролцож, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх манай улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд хэлсэн үгэндээ 1945 онд НҮБ бий болсноос хойшхи 75 жилийн хугацаанд дэлхий дахинд асар их өөрчлөлт гарсныг тэмдэглэж, олон улсын геополитикийн өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудын дагуу НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг гишүүн улсуудын оролцоог хангасан, ил тод болгох шаардлагатай гэж мэдэгдэв.

Тэрээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг урагшуулахад дорвитой ахиц гаргахыг уриалж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүний тоог нэмэгдүүлэх, вето хоригийг цуцлах, бүс нутгийн төлөөллийг сайжруулах, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн болон Ерөнхий Ассамблейн харилцааг бэхжүүлэх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээр жижиг улсуудын сонгогдох боломжийг өсгөх шаардлагыг цохон дурдав.

 

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

2020 оны 11 дүгээр сарын 16