United Nations Welcome to the United Nations. It's your world.

Нэн буурай хөгжилтэй орнуудын асуудлаарх НҮБ-ын 5 дугаар бага хурал Доха хотноо болж байна

Date: 
Monday, 06 March 2023

2023.03.05 Нэн буурай хөгжилтэй орнуудын асуудлаарх НҮБ-ын 5 дугаар бага хурлын хоёрдугаар хэсгийн нээлт Доха хотноо боллоо.

2023 оны 3 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд болох эл бага хуралд оролцохоор дэлхийн 140 гаруй орны төлөөлөгчид дээд, өндөр түвшинд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын удирдлагууд хуран цуглаад байна.

Төлөөлөгчид 2022 онд Нью Йорк хотноо болсон тус бага хурлын эхний хэсгээс баталгаажуулсан Дохагийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Дохагийн Улс төрийн тунхаглалыг батлах юм. Үүнд нэн буурай хөгжилтэй орнуудын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай олон улсын дэмжлэг, туслалцааг дайчлах, тэдгээр улс дахь бүтцийн сорилт, бэрхшээлийг даван туулах, ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах, нэн буурай хөгжилтэй орны ангиллаас гарах бололцоог бүрдүүлэх түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хууль тогтоогчид, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуусын төлөөлөлтэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэл, амлалт, санаачилга, боломжуудыг тодорхойлох болно.

Нэн буурай хөгжилтэй орнуудын асуудлаарх НҮБ-ын 5 дугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр оролцож байна.

Арван жил тутам болдог эл бага хурлын нээлтийн үеэр өдгөө нэн буурай хөгжилтэй ангилалд багтаж буй 46 улсын удирдагчдын дээд түвшний уулзалт, мөн эл бүлэг байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээ болов.

Бага хурлын хөтөлбөрийн дагуу дараагийн өдрүүдэд Бүгд хуралдаанууд, 8 дугуй ширээний хэлэлцүүлэг (нэн буурай хөгжилтэй орнуудад хөрөнгө оруулах, шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дэмжих, бүтцийн өөрчлөлт хэрэгжүүлэх, олон улсын худалдаа, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, цар тахлын дараах сэргэлт  болон Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөөх түншлэл  хөгжүүлэх зэрэг сэдвээр), Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуус, олон улсын байгууллагуудын хамтран зохион байгуулах тусгай арга хэмжээнүүд болно.

#LDC5

#DPoA

#IPoA

#OHRRLS             

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ