United Nations Welcome to the United Nations. It's your world.

НЬЮ-ЙОРК ОРЧИМ БИЗНЕСИЙН САЛБАРТ АЖИЛЛАЖ БУЙ МОНГОЛЧУУДТАЙ УУЛЗАВ

Date: 
Tuesday, 19 April 2016

“Монгол Улсын хөгжилд иргэн бүрийн оролцоо” сэдвээрх уулзалт-үдийн зоогийг Нью-Йорк орчим бизнесийн салбарт ажиллаж буй монголчуудад зориулан 4 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулав.

Тус уулзалт-үдийн зоогт Bank of America, IBM, Global Infrastructure Partners, Ernst and Young  зэрэг олон улсад нэр хүнд бүхий санхүү, бизнесийн байгууллага хийгээд компаниудад ажилладаг монгол иргэд оролцов.

Арга хэмжээний эхэнд Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд БТГ-аас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэлүүдийн талаар танилцуулж, тус уулзалтын зорилго, ач холбогдлын талаар ярив.

Нью-Йорк хотод хөрөнгө оруулалтын уулзалт зохион байгуулах, хөрөнгө  босгох, ирэх 4 дүгээр сарын 30-нд Парис хот болон 6 дугаар сард Торонто хотод тус тус болох “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтуудын талаар мэдээлэх,  Нью-Йорк орчмын монгол хүүхдүүдэд зориулсан сургалтад санхүү болон эд материалын дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлаар чөлөөтэй ярилцаж, санал солилцов.

Оролцогчид уг арга хэмжээг санаачилсанд БТГ-т талархал илэрхийлж, цаашид энэ төрлийн уулзалт, арга хэмжээг зохион байгуулж байхыг хүсээд Нью-Йорк орчим бизнесийн салбарт ажиллаж буй монголчууд хоорондоо мэдээлэл, санал харилцан солилцож ажиллахаар болов.