United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛС ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХАМТРАН ДАРГАЛАВ

Date: 
Friday, 16 October 2015

Монгол Улс хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын үндсэн зохиогчийн хувьд энэхүү хэлэлцүүлгийг тус Байнгын төлөөлөгчийн газраас Канад, Норвеги Улсын Байнгын төлөөлөгчийн газрууд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-Эмэгтэйчүүд, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан, Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран зохион байгуулж 2015 оны Хөдөөгийн эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр  тэмдэглэв.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд үг хэлэв.

Тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх төлөвлөгөөг хөдөөгийн эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих том боломж хэмээн үзэж буйгаа арга хэмжээнд оролцсон гишүүн орнууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд илэрхийлж байв. Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор ядуурлыг арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангах, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжихэд хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах явдал хамгийн чухал бөгөөд чингэснээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах, бүх охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилтыг хангахад том түлхэц болно үзэж  буйгаа олон төлөөлөгч илэрхийлэв.

Энэ чиглэлээр хэрэгжүүлж болох стратеги, арга хэмжээний тоонд хөдөөгийн хөгжлийг дэмжих, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулахад жендэрийн мэдрэмжтэй бодлого, арга барил нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдлыг үг хэлсэн төлөөлөгчид тэмдэглэж байлаа.   

Дашрамд дурьдахад Ерөнхий Ассамблейн 2007 оны 62/136 тоот тогтоолд заасны дагуу Хөдөөгийн эмэгтэйчүүдийн Олон улсын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэх болсон юм.