United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛААРХ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЭВ

Date: 
Tuesday, 18 April 2023

Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх чуулга уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үг хэлэв.

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж буй энэ үед хөгжлийн санхүүжилтийн асуудлыг тусгайлан хэлэлцэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газраас тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг танилцууллаа. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг сэргээх, хөгжлийн үйл явцад саад тотгор болж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгаа талаар тэрээр танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж буй туршлагаас хуваалцав. Мөн тогтвортой хөгжлийн үндэсний нэгдсэн тогтолцоо (INFFS)-г хөгжүүлэхээр ажиллаж байгаа нь хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх явцад тулгарч буй сорилт, бэрхшээлүүдийг шийдвэрлэх, санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн зорилгод болон үндэсний хөгжлийн тэргүүлэх зорилтуудад хүрэх үйл явцыг хурдасгахад дэмжлэг болно гэдгийг онцлов.

Хөгжлийн санхүүжилт нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгэм зэрэг бүх талын түншлэл, хамтын ажиллагааг шаарддаг нарийн үйл явц болохыг Шадар сайд дурдаад, энэхүү чуулга уулзалтын хэлэлцүүлэг нь “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд болон дэлхий дахинд уян хатан бөгөөд талуудын оролцоог хангасан тогтвортой эдийн засгийг хөгжүүлж, бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх чуулга уулзалт Нью Йорк хотноо 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 20-ны өдрүүдэд үргэлжилнэ.