Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы 2 дугаар хорооны Макро эдийн засгийн бодлого сэдэвт хуралдаанд оролцож, үг хэлэв.
Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн чадамжийг бэхжүүлэхэд онцгой анхаарч байгааг тэмдэглэв.
Тэрбээр ил тод, нээлттэй, эрх тэгш, олон талт худалдааны тогтолцоо нь хөгжиж буй орнуудыг олон улсын худалдаанд үр дүнтэй оролцож, санхүүгийн чадамжаа дээшлүүлэхэд нь тодорхой дэмжлэг үзүүлэх ёстойг дурдаад, Монгол Улсын Засгийн газраас энэ хүрээнд Ази, Номхон далайн Худалдааны хэлэлцээрт нэгдэн орох, чөлөөт худалдааны хэлэлцээрийг бусад улстай байгуулах чиглэлээр холбогдох судалгаа, шинжилгээг хийхээр төлөвлөж байгааг дурдав.
Түүнчлэн Монгол Улс анх удаагаа Япон Улстай Чөлөөт худалдааны хэлэлцээрийг амжилттай байгуулж, цаашид энэ чиглэлээр томоохон худалдааны түнш бусад улстай хамтран ажиллахаа илэрхийлэв.
НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр