United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ Г.АРИУНБААТАР “ЧИНГИС ХААН” ОДОНГООР ШАГНУУЛАВ

Date: 
Tuesday, 01 November 2016

Их эзэн Чингис хааны мэндэлсэн, Монгол бахархлын өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч,  дуурийн дуулаач Г.Ариунбаатар Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор жил бүрийн энэ өдөр шагнадаг уламжлалтай. 2005 оноос өнөөдрийг хүртэл Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор манай улсын бахархал болсон нэр хүндтэй нийт 10 хүн шагнагдсан бөгөөд Монгол Улсын Соёлын элч Г.Ариунбаатар нь уг хүндтэй шагналыг хүртсэн 10 дахь эрхэм болоод байна.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарыг “Монгол Улсын Соёлын элч”-ээр 2015 онд томилсон бөгөөд дэлхийд танигдсан Монгол иргэнээ Соёлын элчээр томилж эх орноо гадаадад сурталчлах, дэлхийн улс орнуудтай соёлын харилцаа болон түүх, хүмүүнлэг, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг юм.