United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН САНААЧИЛСАН "НИЙГМИЙН ХӨГЖИЛД ХОРШООЛЛЫН ҮҮРЭГ" ТОГТООЛ БАТЛАГДАВ

Date: 
Thursday, 05 November 2015

Өнөөдөр 11 дүгээр сарын 5-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы 3 дугаар хорооны хуралдаанаар Монгол Улсын санаачилсан "Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг" тогтоолын төслийг нийтийн зөвшилцлөөр батлав.

Тогтвортой хөгжил, түүний дотор нийгмийн бүх бүлгийн оролцоог хангах, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, улмаар энхийг цогцлоох үйлсэд хоршооллын гүйцэтгэх үүргийг тогтоолын төсөлд товойлгон заажээ.

Дэлхий нийтийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг тусган шинэчилсэн бусад заалтын дотор Хөгжлийн төлөөх санхүүжилтын олон улсын гуравдугаар бага хурлын Аддис Абабагийн төгсгөлийн баримт бичигт хүнс тэжээлийн хангамж ба аюулгүй байдлыг сайжруулах, эмэгтэйчүүдийн өрхийн аж ахуй эрхлэлт болон хөдөө аж ахуйн хоршоолол, фермерийн сүлжээг дэмжих, тэдний дотоодын болон олон улсын зах зээлд гарах, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх талаар заасан заалтыг хэрэгжүүлэхэд онцгой хүчин чармайлт тавихыг Засгийн газруудад уриалав.

Мөн тогтоолд хоршооллын хууль, эрхзүйн орчныг тодорхойлсон баримт бичгүүдийг өөрчилж сайжруулах, хоршооллын үнэт зүйл, зарчим, загварын талаар зохих шатны сургалтын байгууллагын хөтөлбөрт тусгах, хоршооллын хүний нөөцийг хөгжүүлэх зэргээр энэ төрлийн бизнесийн нэгжүүдийг дэмжих чиглэлээр чухал заалтууд орсон байна.  

Дэлхийн улс орнууд санхүү, эдийн засгийн их, бага хямралд өртөж байгаа энэ үед цомхон, уян хатан бүтэц зохион байгуулалтынхаа үрээр урт хугацаанд тогтвортой оршин тогтнох давуу тал нь улам бүр тодорсон хоршооллын асуудлаарх тогтоолын төсөлд НҮБ-ын гишүүн 77 орон хамтран зохиогчоор нэгджээ.