United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН САНААЧИЛГААР "ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮД, ОХИДЫН АЖ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ" ТОГТООЛ БАТЛАГДАВ

Date: 
Tuesday, 24 November 2015

11 дүгээр сарын 23-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанаар Монгол Улсын санаачилсан "Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай"  тогтоол нийтийн зөвшилцлөөр батлагдав. 

Өнгөрсөн 9 дүгээр сард батлагдсан Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах 5 дахь зорилт болон эмэгтэйчүүд ба хүн ам, хөгжлийн бусад томоохон хурал, чуулганы төгсгөлийн баримт бичигтэй уялдуулан "Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай" байсан энэ тогтоолын нэр "Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай" болон агуулга, хамрах хүрээний хувьд өргөжиж буй онцлогтой.

Түүнчлэн энэ удаагийн тогтоолд хөдөөгийн эмэгтэйчүүдийн бүх бүлгийг улс төр, нийгэм-эдийн засгийн хувьд  чадавхжуулах, цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшиг болон дайн самуунд хөдөөгийн эмэгтэйчүүд хамгийн ихээр өртөж байгааг анхаарах, тэдний тухай статистик тоо баримтын чанар, олдоц, найдвартай байдлыг сайжруулах, хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын онцлог хэрэгцээг тусгасан жендэрийн мэдрэмжтэй сургалтын тогтолцоо хөгжүүлэх зэрэг олон шинэлэг асуудлыг тусгажээ. 

Монгол Улсын санаачилсан "Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай"  тогтоолын төслийг НҮБ-ын гишүүн орнууд өргөнөөр дэмжиж, 105 орон хамтран зохиогчоор нэгдэн орлоо.