United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АСУУДЛААРХ ДЭЛХИЙН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Date: 
Sunday, 27 September 2015

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жендерийн эрх тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлаар амлалт авах дэлхийн удирдагчдын уулзалтад оролцов.

Энэхүү арга хэмжээг 1995 онд БНХАУ-д болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаас баталсан Бээжингийн тунхаглал, Үйл ажиллагааны төлөвлөгөөний 20 жилийн ой, мөн 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн хөтөлбөрт зориулж НҮБ-Эмэгтэйчүүд байгууллага, БНХАУ-аас хамтран зохион байгуулсан юм.

Дэлхийн удирдагчдын уулзалтыг нээж НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин, Дэлхийн эмэгтэйчүүдийн  өмнөх бага хурлуудыг эх орондоо зохион байгуулж байсан Мексик, Кени, Дани улсын төр, засгийн тэргүүн нар, мөн Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы дарга Могенс Ликетофт үг хэлж, олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, залуучуудын бүлгийн төлөөлөл оролцлоо. 

2015 оноос хойших Тогтвортой хөгжлийн зорилтыг батлах Дээд хэмжээний уулзалтын өдрүүдэд улс төрчдийн анхаарлыг хамгийн их татаж, амлалт дагуулсан асуудлын тоонд жендэрийн асуудал орсны учир нь дээрх уулзалтад дэлхийн 80 орчим орны төр, засгийн тэргүүн оролцож 2030 он гэхэд тус тусын оронд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн тодорхой, хэмжигдэхүйц ажил хэрэгжүүлэх амлалт авсанд оршино.  

Дэлхийн удирдагчдын авсан амлалт дотор жендерийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах үйлсэд хөрөнгө оруулах, шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэрийг хангах, жендэрийн ялгаварлал бүхий хууль эрхзүйн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлалыг агуулсан шинж бүхий нийгмийн хэм хэмжээг өөрчлөх зэрэг олон асуудал багтаж байв.