Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй НҮБ-ын Төв байранд уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн даргын өрнүүлж буй НҮБ-ын үйл ажиллагааг илүү үр дүн, үр ашигтай болгон өөрчлөх зорилго бүхий “НҮБ-80” санаачилгыг талархан дэмжиж буйгаа илэрхийлэв.
Мөн энэ онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг дэмжин баталсныг талархан дурдаад манай улс жил бүрийн 07 дугаар сарын 11-нд адууны өдөрт зориулсан арга хэмжээг НҮБ-ын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимтэй өрнүүлж буй талаар дуулгав.
Мөн манай улсын Энхийг сахиулах ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэвшүүлсэн санаачилгуудаа бодит үр дүнд хүргэхийн төлөө НҮБ-тай нягт хамтран ажиллахаа нотлолоо.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, хувь нэмэр маш чухал болохыг онцлон тэмдэглэхийн хамт, дэлхий нийтийн хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтуудтай тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хүч чармайлтыг өндрөөр үнэлэв.
Тэрбээр НҮБ болон Монгол Улсын хамтын ажиллагааг урьдын адил тууштай дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
--- Translation ---
President of Mongolia Khurelsukh Ukhnaa and UN Secretary-General António Guterres held talks at UN Headquarters in New York on September 23, 2025.
President Khurelsukh Ukhnaa expressed strong support for the Secretary-General’s “UN80” initiative to strengthen the United Nations’ effectiveness and efficiency. He also welcomed the UN General Assembly’s adoption of the resolution on “World Horse Day”, initiated by Mongolia, and announced plans to mark the occasion annually under the UN framework on July 11. President Khurelsukh briefed the Secretary-General on Mongolia’s intensive preparations to host the COP17 to the UN Convention to Combat Desertification in 2026, in Ulaanbaatar.
The President also reaffirmed Mongolia’s commitment to working closely with the UN to achieve tangible results in initiatives aimed at expanding the country’s participation in peacekeeping operations.
Secretary-General António Guterres commended Mongolia’s active role in UN peacekeeping operations and its leadership in addressing global challenges, including land degradation and climate change. The Secretary General expressed his continued support for deepening cooperation between the United Nations and Mongolia.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр