United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 76 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ОРОЛЦОЖ БАЙНА

Date: 
Friday, 24 September 2021

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 21-нд Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд оролцлоо.

Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хэлсэн үгэндээ итгэлцлийг сэргээж, эв нэгдлийг бэхжүүлж, итгэл найдварыг өдөөхийн тулд хамтын ажиллагаа, яриа хэлэлцээ, харилцан ойлголцыг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцлоод вакцин үйлдвэрлэлийг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлж, 2022 оны эхний хагаст дэлхийн хүн амын 70% хувийг вакцинжуулах төлөвлөгөө хэрэгтэй байгааг тэмдэглэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид хэлэхдээ жил хагасын турш дэлхий нийтээрээ чимээгүй намжмал байдал, түгшүүрт шаналж, хүлээлтийн байдалд байсан тул дахин хүлээлгүй дэлхийн хүн амыг бүрэн вакцинжуулах, КОВИД-19 цар тахлын дараах сэргэлтэд анхаарахыг гишүүн орнуудад уриалав. Түүнчлэн хүний эрх, уур амьсгалын өөрчлөлт, НҮБ-ыг бэхжүүлэхэд Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар ажиллах хугацаандаа чухалчлан анхаарахаа мэдэгдэв.

Ерөнхий санал шүүмжлэлийн энэ өдрийн хуралдаанд АНУ, Бразил, БНСУ, БНХАУ, Катар, Турк, Швейцар зэрэг улсын төр, засгийн тэргүүн нар үг хэлж, улс орныхоо гадаад бодлого, олон улсын тавцанд тулгамдаж буй асуудлуудаар байр сууриа илэрхийлэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган КОВИД-19 цар тахлын улмаас 2020 онд цахим хэлбэрээр болсон бол энэ удаагийн чуулганд 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар биечлэн оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлж, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы 2 дахь өдрийн хуралдаанд үг хэлж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаарх өөрийн улсын байр суурийг илэрхийлнэ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 9 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд үргэлжилнэ.