United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Н.ОЮУНДАРЬ НҮБ-ЫН ЭСАГ-ЫН ОРЛОГЧ ДАРГА ЭДМОН МУЛЕТЭЙ УУЛЗЛАА

Date: 
Friday, 13 March 2015

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь 3 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын Энхийн сахиулах ажиллагааны газар (ЭСАГ)-ын орлогч дарга Эдмон Мулетэй хоёр талын уулзалт хийлээ.

Эдмон Муле НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа (ЭСА)-нд тулгарч байгаа сорилт бэрхшээл, түүнийг давах туулах чиглэлээр НҮБ-ын ЭСАГ-аас хийж байгаа ажлын тухай танилцуулж, НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсэн Дээд хэмжээний ажлын хэсэг өнөөгийн ЭСА-нд үнэлэлт дүгнэлт өгч, ажлын хэсгээс тодорхой дүгнэлт, зөвлөмж гарахын хамт зарим нэгэн хувилбарыг гаргаж ирнэ гэдэгт найдаж байгааг илэрхийллээ. Мөн тэрээр орчин үеийн ЭСА-ны мөн чанарыг ойлгохдоо нэгдсэн байр суурьтай байхыг чухалчлаад, удах болох цэрэг илгээгч орнуудын Жанжин штабын дарга нарын бага хурал чухал үүрэгтэйг онцоллоо. Э.Муле Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөж яваа манай цэрэг, дайчдын эр зоригийг бахдан, үүргээ амжилттай биелүүлж байгааг НҮБ өндрөөр үнэлдэгийг онцоллоо. НҮБ-ын ЭСАГ-т Монгол Улсаас ажилтан, албан хаагч ажиллуулах боломжтой бөгөөд монгол ажилтныг ажиллуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Дэд сайд Н.Оюундарь Монгол Улсын Зэвсэгт хүчний ЭСА дахь оролцооны тухай мэдээлж, цэргийн дээд офицер үүрэг гүйцэтгэх хэмжээнд хүрч, өнгөрсөн жилд Өмнөд Судан дахь штабын офицеруудын тоог нэмэгдүүлж, улмаар ахлагч нар бие даан үүрэг гүйцэтгэх боломжтой болсон, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын ЭСА-нд оролцуулж эхлэх чиглэлээр ажиллаж байгааг дурьдлаа.

Мөн тэрээр НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын 59 дүгээр чуулганд оролцож байгаа үед НҮБ-ын ЭСАГ-т монголын эмэгтэй цэргийн албан хаагч ажиллахаар болсон давхцаж байгааг ихэд бэлэгшээж, ийм боломж олгосонд НҮБ-ын ЭСАГ-т талархал илэрхийлээ. Цаашдаа Монгол Улс цаашид ажиллагааны хангалтын анги, салбарыг бэлтгэж оролцуулахаар бэлтгэлийг хангах, энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор бэлтгэж байгаа улсуудад өөрийн туршлага мэдлэгээ хуваалцах, өөрийн сургалтын төвд төрөл бүрийн сургалтад гадаад орны цэргийн албан хаагчийг түлхүү бэлтгэхэд анхаарч, сургалтын төвд НҮБ-ын стандартын сургалтыг явуулахад бэлэн байгааг тэмдэглэлээ.