United Nations Welcome to the United Nations. It's your world.

МОНГОЛ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРААС "ХӨДӨӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД ХОРШООЛОЛ БА ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ҮҮРЭГ" СЭДЭВТ АРГА ХЭМЖЭЭГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Date: 
Thursday, 17 March 2016

Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 60 дугаар чуулганыг тохиолдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Ботсвана, Фижи, Итали, Морокко, Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд улсын Байнгын төлөөлөгчийн газруудтай хамтран "Хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулахад хоршоолол ба жижиг, дунд үйлдвэрийн үүрэг" сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа.  

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Итали улсын Гадаад хэргийн сайд асан Эмма Бонино болон Фижи, Морокко, Соломоны арлуудын албаны хүмүүс үг хэлэв.

Охидын эрхийн төлөө тэмцэгч Чернор Бахын удирдан явуулсан хэлэлцүүлэгт Замбийн тэргүүн хатагтай Эстер Лунгу, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Жендэрийн эрх тэгш байдлын төлөөх сангийн мэргэжилтэн Элиза Фенрандес, Олон улсын хоршооллын холбооны эксперт Эми Кугинур, Мали улсын Орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх байгууллагын төлөөлөгч Фатума Думбиа нар оролцов.

Хөдөөгийн эмэгтэйчүүд хоршоолол, бичил бизнесийн нэгжийг байгуулан хэрхэн амжилттай ажиллаж буй туршлагыг хуваалцахаас гадна ур чадвар, санхүүгийн бэрхшээлийг хэрхэн даван туулах, улмаар эмэгтэйчүүдийг чадавхжуулах замаар Тогтвортой хөгжлийн 2030 төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх арга замын талаар хэлэлцүүлэгт оролцогчид санал бодлоо солилцов.  

"Хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулахад хоршоолол ба жижиг, дунд үйлдвэрийн үүрэг" арга хэмжээнд Нэн буурай, Арлын жижиг, дунд орлоготой, өндөр хөгжилтэй зэрэг олон орныг хамруулан өргөн хүрээний, сонирхолтой утга агуулга бүхий хэлэлцүүлэг өрнүүлсэнд оролцогчид талархаж байлаа.