United Nations Welcome to the United Nations. It's your world.

Монгол иргэдийн анхааралд

Date: 
Saturday, 18 April 2020

Нью-Йорк хотын захиргаа Нээлттэй нийгэм сантай хамтран Нью-Йорк хотод ажиллаж амьдарч буй цагаач иргэдэд тусламж үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг тус хотын дарга Билл де Блазио өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдэв. Нээлттэй нийгэм сангаас тус хөтөлбөрт зориулж 20 сая ам.доллар хандивлаж байгаа бөгөөд 20,000 хүртэл цагаач иргэд болон тэдгээрийн гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна. Ялангуяа коронавирус АНУ даяар тархсаны дараа Холбооны Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдийн засгийн арга хэмжээ, тусламжийн хөтөлбөрт хамрагдаж чадаагүй бичиг баримттай болон бичиг баримтгүй цагаачид болон тэдгээрийн гэр бүлд тусламж үзүүлэх юм.

Цагаачид нь тус хотын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг ажлын гол хүч атлаа эрүүл мэндийн үйлчилгээ тусламж авах боломжгүй эмзэг бүлэгт хамрагддаг учраас Нью-Йорк хотын цагаачлалын газар, хотын даргын санаачилсан Нью-Йорк хөгжлийн сан нь тус хотын дүүрэг тус бүрд цагаачдын эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран нэг удаагийн тусламжийг цагаачид болонтэдгээрийн гэр бүлд үзүүлэх юм.

Энэ хөтөлбөрт юуны өмнө коронавирусын цар тахлаас үүдэн ажлын байраа алдсан буюу санхүүгийн хүндрэлтэй тулгараад байгаа цагаачид хамрагдах юм. Тусламжийн хөтөлбөрийн хүрээнд :

  • Нэг хүнд 400 ам.доллар,
  • Хүүхэдгүй гэр бүл буюу хүүхэдтэй эцэг/эхэд 800 ам.доллар,
  • Олон том хүн, олон хүүхэдтэй гэр бүлд 1000 ам.доллар,
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт санхүүгийн тусламж үзүүлнэ.

Мөн хүнсний тусламж, бэлэн мөнгөний тусламж болон ажилгүйдлийн тусламж шаардлагатай тохиолдол тус бүрээр сайтар судалж, шаардлагатай бол дэмжлэг үзүүлэх юм байна.

Нью-Йорк хотод нийт 718,000 цагаачид, тэр дундаа 218,000 хүүхэд оршин сууж байна. Нью-Йорк хотын нийт хүн амын 37%, ажиллах хүчний 44%-ийг цагаач иргэд эзэлдэг (3,1 сая хүн) бөгөөд 360,000 бичиг баримтгүй цагаач иргэд, 48,000 бизнес эрхлэгч бичиг баримтгүй иргэд байдаг. Цагаачид 2019 онд Нью-Йорк хотын төсөвт нийт 232 тэрбум ам.долларын татвар төлсөн бөгөөд коронавирустэй тэмцэх нэн шаардлагатай ажил (хүргэлт, түргэн тусламж, эрүүл мэндийн ажилтан г.м) эрхэлж буй нэг сая хүний тал хувь нь цагаач иргэд байна. Цагаач ажилчдын 1/3 нь аливаа эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхгүй, бичиг баримтгүй учраас Холбооны Засгийн газрын тусламжийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй байдаг.

АНУ-ын Калифорни мужийн дараа гадаадын цагаачдад бэлэн мөнгөний тусламж үзүүлэх дараагийн газар нь Нью-Йорк хот болж байна.

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР