Шинэ төрлийн коронавируст халдвар (Covid-19) дэлхий даяар болон Нью-Йорк мужид эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн вирусын тархалт намжтал гадаадад оршин сууж буй Монгол Улсын иргэн консулын үйлчилгээ зайлшгүй авах шаардлага гарсан тохиолдолд баталгаат шуудангаар болон цахимаар үйлчилгээ үзүүлэх тухай Монгол Улсын онцгой комиссын шийдвэр гарсан.
Энэхүү арга хэмжээ нь халдварт өвчний тархалтыг тогтоон барих талаарх АНУ-ын Засаг захиргаанаас явуулж буй бодлого, гаргаж буй шийдвэртэй уялдаж, Монгол Улсын ДТГ-ууд шинэ төрлийн коронавируст халдвар (Covid-19) дамжуулах цэг болох эрсдэлийг бууруулж, иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилготой юм.
Тус БТГ-аас консулын дараах үйлчилгээг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс
эхлэн зайлшгүй авах шаардлага гарсан тохиолдолд цахимаар үзүүлнэ. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан дараах нэмэлт баримт бүрдүүлэх шаардлагатайг анхаарна уу. Үүнд:
- Итгэмжлэл олгох. Онцгой нөхцөл байдал намжтал нэн шаардлагатай буюу яаралтайгаас бусад тохиолдолд бүх төрлийн итгэмжлэлийг цахимаар үйлдэхгүй. Итгэмжлэл үйлдэх тохиолдолд тухайн иргэнтэй video call хэлбэрээр цахимаар холбогдож, тухайн иргэн нүүр царайгаа тод харуулна, мөн тухайн итгэмжлэл дээр өөрөө гарын үсэг зурж байгааг нотолсон зураг дарж баримтжуулсан (screenshot) байх шаардлагатай.
- Баримт бичгийн хуулбар баталгаажуулах, тодорхойлолт гаргах. Иргэний үнэмлэх, төрсний, гэрлэлтийн, нас барсны гэрчилгээ, боловсролын диплом болон бусад албан ёсны баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлүүлэх бол иргэний өөрийнх нь зардлаар хуулбарыг эх хувийн хамт баталгаат шуудангаар /tracking number-тай/ хүлээн авч баталгаажуулан буцаагаад иргэний ирүүлсэн баталгаат шуудангаар хүргүүлнэ.
- Буцах үнэмлэх авах. Буцах үнэмлэх мэдүүлэх материалыг буцах дугтуйны хамт баталгаат шуудангаар хүлээн авч, тухайн иргэн мөн эсэхийг video call гэх мэт боломжит хэлбэрээр баталгаажуулсны үндсэн дээр буцах үнэмлэхийг үйлдэн иргэнд хүргүүлнэ.
- Төрсний бүртгэл хийх Төрсний бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бүх бичиг баримтыг баталгаат шуудангаар хүлээн авах, төрсний бүртгэлд бүртгүүлсэн иргэний төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн ХААТР маягтыг иргэдийн өөрсдийнх нь зардлаар баталгаат шуудангаар хүргүүлэн төрсний ХААТР маягтанд хаана гарын үсэг зурах, ХААТР маягтыг хэрхэн буцаан илгээхийг зааварчилсан зурвасын хамт илгээж баталгаат шуудангаар гарын үсэг зурж баталгаажуулсан ХААТР маягтыг хүлээн авна.
- Иргэний шинэчилсэн бүртгэл. Онцгой нөхцөл байдал намжтал иргэний шинэчилсэн бүртгэл хийхийг түр зогсоосон.
Шуудангаар бичиг баримт илгээхэд анхаарах зүйлс:
- Шуудангаар бичиг баримт илгээхээс өмнө бүрдүүлэх материалд заагдсан бичиг баримтыг зохих ёсоор бүрэн бүрдүүлсэн эсэхийг шалгах;
- Бичиг баримтыг нугалахгүй байхаар А4, letter хэмжээтэй дугтуй ашиглах;
- БТГ дээр биечлэн очих боломжгүй тул баримт бичгийг өргөдлийн дагуу баталгаажуулахыг хүссэн өргөдөл бичих;
- Шууданг БТГ хүлээн авсан эсэхийг цахимаар хянах боломжтой “Tracking number” бүхий USPS, FedEx зэрэг шуудангийн компанийг сонгож илгээх;
- Хэрэв гадаад паспорт, гэрчилгээ зэрэг бичиг баримт буцааж авахаар бол төлбөр төлөгдсөн буцах дугтуй /self-addressed, prepaid envelope/-г дотор нь хийж явуулах;
- Буцах дугтуйн дээр гар утасны дугаараа бичих;
- Паспорт, бичиг баримт илгээж хүлээж авч буйтохиолдолд “Certified mail” буюу баталгаат шуудан ашиглах;
- Хэрэв Та тухайн хаягнаасаа өөр газарт нүүх бол БТГ-т утсаар холбогдож энэ тухайгаа мэдэгдэх;
- Баталгаат шуудангаар илгээсэн баримт бичиг гэмтсэн, үрэгдсэн тохиолдолд уг эрсдэлийг үйлчилгээ авч буй тухайн иргэн өрөө бүрэн хариуцна;
- Бичиг баримтаа баталгаат шуудангаар буцаан авах хаяг, утасны дугаар зэргээ бүрэн алдаа мадаггүй наадаг цаасан дээр бичиж, БТГ руу илгээж буй бичиг баримттай дугтуйн дотор хийж ирүүлэх;
- Баталгаагүй шуудангаар илгээсэн бичиг баримт алдагдсан тохиолдолд тус БТГ хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна.
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР