Тус арга хэмжээ нь Монголын хөрөнгийн зах зээлд оролцогч талуудыг АНУ дахь хөрөнгө оруулагч нар, банк, санхүүгийн байгууллагуудтай холбож, хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сурталчлан таниулахад чиглэгдсэн.
“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” болон “Монголын банкны форум” үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын харилцаа, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Capital Market Mongolia” компани Монголбанктай хамтран анх удаа зохион байгуулснаараа онцлог байв. Тус арга хэмжээнд монголын талаас Сангийн яам, Монголбанк, Монголын банкны холбоо, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) болон хувийн салбарын нийтдээ 33 байгууллагын 50 гаруй төлөөлөл Нью Йорк хотноо ирж оролцсон
Арга хэмжээний эхний өдөр буюу 4 дүгээр сарын 22-ны өдрийн үдээс өмнө Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ын дарга Д.Баярсайхан тэргүүтэй төлөөлөгчид Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр тус биржийн дэд ерөнхийлөгч, Олон улс хариуцсан зөвлөх газрын тэргүүн Крис Тэйлор болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, Монголын компаниуд, тэр дундаа банкнууд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гарах боломжийн талаар санал солилцов.
Энэ үеэр Монголбанк, СЗХ болон Монголын банкны холбооны удирдлагууд Монголын банкны салбарын томоохон банкууд дотоодын хөрөнгийн бирж дээр IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсон нь чухал алхам болсон бөгөөд тус салбарын хөрөнгө оруулалтын өгөөж 19.4 хувь байгаа нь Төв Азийн орнууд дундаа харьцангуй өндөрт тооцогдох үзүүлэлт болохыг уулзалтанд онцлов.
Мөн үдээс хойш Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан тэргүүтэй төрийн байгууллагууд болон хувийн салбарын 40 гаруй төлөөлөгчийг байрандаа хүлээн авч, Нью Йорк хотноо банк, хөрөнгийн зах зээлд ажиллаж буй залуустай уулзалт зохион байгуулж, сонирхолтой асуулт, хариулт өрнүүлсэн.